Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ЗАВХАН АЙМГИЙН 2019 ОНЫ ЦӨЛЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ХӨРСНИЙ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-04-27 04:31:38

ЗАВХАН АЙМГИЙН 2019 ОНЫ ЦӨЛЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ

ХӨРСНИЙ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Завхан аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн Байгаль орчны хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгч, инженер, техникч болон сумдын цаг уурын өртөө, харуулын ажиглагч нартай хамтран сумдын зогсоол цэгүүдэд хөрсний судалгаа хийв.Үүнд:

2019 оны 07 дугаар сарын 26-31-нд Завхан аймгийн Идэр сумын 4, Их уул сумын 6, Тосонцэнгэл сумын  6, Тэлмэн сумын 6 цэг  нийт 4 сумын 22 зогсоол цэгээс 330 хөрсний дээж авч анхан шатны судалгаанууд хийгдсэн.

Зогсоол цэгийг тулгуурлан хөрсний чанарын анхан шатны хяналт шинжилгээгээр 12 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: мониторингийн цэгийн байршил, хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл, хөрсний шугаман эвдрэл, хөрсний гадарга дээрх элсэн хуримтлалын хэлбэр, зузаан, хөрсний ялзмагт давхаргын зузаан, давсжилт, хөрсний урвалын орчин, хөрсний ялзмагийн агууламж, хөрсний эзэлхүүн жин, хөрсний агрегат бүтэц, хөрсний нягт, хөрсний ус нэвтрүүлэх чанар зэрэг  үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийлээ.

Хөрсний мониторингын судалгааны ажлыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 дүгээр тушаалаар хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар”-ын дагуу хийгдсэн болно.

Хөрсний судалгааны  газар дээр тодорхойлсон үр дүн:

  1. Хөрсний мониторингийн талбай:

Тухайн зогсоол цэг бүрт  20*20м талбайн сонголт хийн хойшоо, урагшаа чиглэсэн байдалтай авч, ЗУ/зүүн урд/ цэгээ төв цэг болгон хаягжуулан  БУ, БХ, ЗХ цэгүүддээ газрын гадаргаас дээш 10см-т гадас зоож, цагаан өнгийн будгаар будаж тэмдэгжүүлж, координат тодорхойлон стандартын дагуу зураг аван баталгаажуулсан. 

                                                                                                                               

  1. Хөрсний мониторингийн талбайн газар зүйн мэдээлэл

 Газар зүйн тухай мэдээлэл: Аль бүсэд хамаардаг талаар дэлгэрэнгүй, газрын гадаргын мэдээлэл, газрын хэвгий, ургамлан нөмрөг, ургамлын бүлгэмдэл, голлох зүйлийн бүрэлдэхүүн, ургамлын бүрхэвчийг хувиар илэрхийлэн, хөрсний гадаргын байдал чулуугаар хучигдсан эсвэл хад асгатай эсэхийг ажиглаж бичилт хийгдсэн. 

                                      

  1. Хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл

Хөрсний морфологи бичиглэл нь тухайн хөрсний шинж чанарыг тодорхойлох анхан шатны тулгуур материал болохоос гадна, хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудыг судлах хээрийн судалгааны гол арга юм. Хөрсний зүсэлт хийж хөрсний морфологи шинжийг судалдаг.

                                                                  

4. Өнгөн хөрсний эвдрэл:

 Хөрсний эвдрэл нь өнгөн хөрсний эвдрэлээр эхэлж, цаашид улам гүнзгийрдэг. Иймээс хөрсний эвдрэлийн эхлэл, анхдагч үйл явцыг үнэлэх дүгнэх ихээхэн чухал юм. Хөрс нь газрын гадаргад жигд биш тархдаг, мөн гүний шинж чанарыг тодорхойлоход төвөгтэй учраас  элэгдэлийн үйл явц, ул мөрийг үнэлж дүгнэх нь ихээхэн нарийн төвөгтэй. Монгол орны хөрсний эвдрэл нь ус болон салхины үйл ажиллагаа хосолсон байдаг. Уулархаг газар усны эвдрэл давамгайлдаг байхад, талархаг газар салхины эвдрэл зонхилно. Ямар нэгэн газрын хөрс элэгдэл эвдрэлд орж байхад өөр нэг газар элэгдэлд орсон хөрсний хуримтлал үүсдэг. Иймээс хөрсний эвдрэл хуримтлалын үйл явц салшгүй холбоотой. Хөрсөнд байгалийн элэгдэл эвдрэлийн үйл явц байнга явагдаж байдаг. Хөрсний эвдрэлийн эрчим нь хур тундас, газрын налуу, гадаргын ургамал бүрхэвч, хөрсний өөрийн шинж чанараас хамаарна. Мөн хүний үйл ажиллагаагаар хөрсний эвдрэл үүсдэг.      

       Судалгаанд хамрагдсан 4 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд   22.7% нь бага зэргийн хөрсний эвдрэлтэй-1, 77.3% нь хөрсний эвдрэлгүй-0 байна.

Идэр сум: Загастай багийн Улаан үзүүр цэг нь усны угаагдлын ул мөрийн улмаас 1-бага зэрэг хөрсний эвдрэлтэй, бусад багуудын хувьд эвдрэлгүй байна.

Их уул сум: Үржил багийн Цагаан уул цэг нь усны угаагдлын ул мөрийн улмаас 1-бага зэрэг хөрсний эвдрэлтэй, бусад багуудын хувьд эвдрэлгүй байна.

Тосонцэнгэл сум: Оргих багийн Дээд харгана, Рашаант багийн Агьт, Баян ухаа багийн Шивэртий цэгүүд нь усны угаагдлын ул мөрийн улмаас 1-бага зэрэг хөрсний эвдрэлтэй, бусад багуудын хувьд эвдрэлгүй байна.

Тэлмэн сум:  Тэлмэн сумын цэгүүдийн хувьд өнгөн хөрсний эвдрэлгүй байна.

  1. Элсэн хуримтлал

Хөрс салхиар элэгдэхэд нарийн ширхэгтэй тоос, шаварлаг хэсгүүд хийсэж том ширхэгтэй элсэн хэсгүүд ихэвчлэн бут, сөөг, чулуу, янз бүрийн саадны орчим хуримтлал үүсгэдэг. Элсэн хуримтлалын үнэлгээгэдэг нь нийт элсэн хуримтлалын эзлэх талбай болон өндрийг хэмжиж үнэлнэ.Элсэн хуримтлалын талбайг шугаман торлолын аргаар элсэн хучаасны талбайн хэмжээг тодорхойлно.

Цөлжилтийн ажиглалт хийсэн цэгүүдээс Идэр сумын Загастай багийн Улаан үзүүр 9.5 см, Тосонцэнгэл сумын Идэр багийн Бургаст 9.6 см, Рашаант багийн Агьт 10.5 см элсэн тарамцаг үүсэж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

  1. Ялзмагт давхаргын зузаан

Идэр сум:Загастай багийн Үзүүр цахир 0.5-1 см -ээр хөрсний ялзмаг давхарга нимгэрсэн байна.

Их уул сум: Цэцүүх багийн Их өлт, Зарт багийн Нам багуудын 0.4-1 см элсэн хуримтлал үүссэн.

Тосонцэнгэл сум: Хайрхан багийн Салан, Оргих багийн Дээд харгана, Улаан тологой багийн Тээл, Рашаант багийн Агьт, Идэр багийн Бургаст цэг нь 0.3- 2.0 см-ээр хөрсний ялзмаг давхарга нимгэрсэн байна. Баян улаан багийн Шивэртий 0.4 см элсэн хуримтлал үүссэн байна.

Тэлмэн сум: Шургах багийн Салхит, Нуур багийн Хөвийн хөндий, Баянтэгш багийн Хөх чулуу, Баян айраг багийн Манз, Өгөөмөр багийн Өгөөмрийн хоолойцэг нь 0.2-3 см-ээр хөрсний ялзмаг давхарга нимгэрсэн байна.

Хөрсний дээж авалт

Хөрсний дээжийг  үе давхарга тус бүрээр 0-5, 5-10, 10-20 см гүнд авсан.  Дээж тус бүрийн бюксэн дээр этикетка бичиж ангилсан. Үүнд: Зүсэлтийн  дугаар, газрын нэр, гүн, он сар өдөр.

                                                                         

  1. Хөрсний ус нэвтрүүлэх чадвар:

Хөрсөнд ус хэр зэрэг хурдан нэвтэрч байгааг хөрсний ус нэвтрүүлэх чадвараар хэмжинэ. Ус нэвтрүүлэлтийн зэрэглэл бага байвал хөрсний гадаргад тогтоол ус бий болох ба тэр нь налуугаа дагаж урсан хөрсний элэгдэл эвдрэл буюу угаагдлыг үүсгэнэ. Хөрсний ус шүүрэлтийн зэрэглэлийг тодорхойлох нь хөрсний нягтшил, ус ба агаарын горимд дүн шинжилгээ өгөх ач холбогдолтой. Хөрс бүтцээ алдаж нягтарч хатуурахад ус нэвтрүүлэх чадвар их буурна. Уснэвчилтийн эрчмийгцагт/мм- ээр илэрхийлнэ. Завхан аймгийн 4 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 22 зогсоол цэгт 3 давталтаар хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дан цагирагын аргаар тодорхойлсон.

Хөрсний ус нэвтрүүлэлт

 

Д/д

Сумын нэр

                       Ус  нэвтрүүлэлтийн зэрэглэл

1

Идэр

                                            98.7

2

Их уул

189.5

3

Тосонцэнгэл

137.0

4

Тэлмэн

276.7

 Хяналт шинжилгээний дүнгээс харахад Н.Хюнт, Б.Гилкэс-1992 зэрэглэлээрдунд зэрэгт 10.6%, хурдавтар зэрэгт 30.3%, нэн хурдан зэрэглэлд 22.7%, хурдан зэрэглэлд 36.4%нь хамрагдаж байна.

 

Хөрсний судалгааны лабораторийн үр дүн

Судалгааны мужууд:

2019 оны судалгаанд дараахь зогсоол цэгүүд хамрагдлаа. Үүнд:

Идэр сум

  • Загастай баг Улаан үзүүр
  • Цэцэрлэг баг Алтан толгой
  • Мануустай баг Нурамт
  • Дархан уул баг Доод завгийн ам

 

Их уул сум

  • Баян ухаа баг Хужиртын ам
  • Үржил баг Цагаан уул
  • Хуягт баг Гэрт
  • Хонгор баг Бургастын майнтын өвөлжөө
  • Цэцүүх баг Их өлт
  • Зарт баг Нам

Тосонцэнгэл сум

  • Хайрхан баг Салаа
  • Оргих  баг Дээд харгана
  • Улаан толгой баг Тээл
  • Рашаант  баг Агьт
  • Баян ухаа баг Шивэртий
  • Идэр баг Бургаст

Тэлмэн сум

  • Шургах  баг Салхит
  • Нуур баг Хөвийн хөндий
  • Баян тэгш баг Хөх чулуу
  • Баян айраг  баг Манз
  • Өгөөмөр баг Өгөөмрийн хоолой
  • Өвөгдий баг Хар уул зэрэг зогсоол цэгүүдэд дараах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэлээ.

 

  1. Хөрсний урвалын орчин

Хөрсний уусмал дахь устөрөгчийн ионы хэмжээг аравтын урвуу логарифмаар илэрхийлсэнийг хөрсний хүчиллэг буюу pH гэнэ. Устөрөгчийн ионы хөрсөн дэх байрлалаас хамаарч хүчиллэгийг идэвхитэй ба нөөц гэж ангилдаг. Нөөц хүчиллэгийг солилцох ба гидролит (усан) гэж бас ялгана.

Хөрсний pH-ийг тодорхойлохдоо түүнийг усаар ба давсны уусмалаар зайлж хольцыг бэлтгэнэ. Усаар зайлсан уусмалынхыг идэвхитэй хүчиллэг, харин давсаар зайлсан уусмалынхныг солилцох хүчиллэг гэнэ. Солилцох хүчиллэг нь идэвхитэй хүчиллэгээс ямагт бага байна. Солилцох хүчиллэг нь хөрсийг шохойжуулах шаардлагыг тогтооход чухал ач холбогдолтой. Хөрсийг бордоход солилцох хүчиллэгийг заавал тооцоолох шаардлагатай.

Судалгаанд хөрсний рН-ийг тодорхойлохдоо  хөрсний дээжийг 0- 5, 5-10, 10-20 см гэж үелэн авч  потенциометрийн аргаар тодорхойлсон болно.                

22 цэгийн 66 дээжинд хөрсний урвалын орчныг тодорхойлсон байна. Хяналт шинжилгээний дүнгээс харахад 75.8% нь хүчиллэг, 22.7% нь шүлтлэг, 1.5% нь саармаг орчинтой байна.

  1. Давсжилт:

Хөрсөнд агуулагдаж байгаа усанд уусамтгай буюу хялбар уусах ионуудын хэмжээг хөрсний давсжилт гэнэ. Хялбар уусах ионд дараах 8 ион багтана. Үүнд:

Анионууд:     CО32-,  HCО3-,  Cl-, SО42-

Катионууд:    Cа2+,  Мg2+, Nа+, К+

Бүх хөрснүүд тодорхой хэмжээгээр давсжилттай байдаг. Харин давсжилтын нийт хэмжээ буюу хуурай үлдэгдэл 0.25 %-иас их болсон тохиолдолд давстай хөрс гэж үздэг. 

Гүний ус гадаргад ойрхон оршиж, ууршилт угаагдлаас их байх нөхцөлд хөрсний тодорхой хэсэгт хялбар уусах давс хуримтлагдах үйл явц ихэсдэг. Жилийн хур тунадасны нийлбэр 500 мм-ээс бага газар давсархаг хөрс тархдаг. Давсны найрлагаар нь содын, хлор-сульфатын, сульфатын, бикарбонатын гэх мэт ангилна.

Хуурай үлдэгдэл, цахилгаан дамжуулах чанар гэсэн 2 үзүүлэлтээр давсжилтыг тодорхойлдог.  Бүх хөрснүүд тодорхой хэмжээгээр давсжилттай байдаг.

Завхан  аймгийн хөрсний цөлжилтийн мониторингийн талбайн 22 зогсоол цэгийн хөрсний дээжийг 0- 5, 5-10, 10-20 ,30-50, 60-80 см гэж үелэн авч хөрсний давсжилтийг 66 дээжинд хуурай үлдэгдлийн аргаар  тодорхойлсон.

 Судалгаанд хамрагдсан 22 цэгийн 66  дээжний 3 % бага, 97% давсжилтгүй байна. Идэр сумын Загастай багийн Улаан үзүүр, Цэцэрлэг багийн Алтан толгой цэг 25-50 см гүнд давсжилттай.

Их уул сумын Баян ухаа багийн Хужиртын ам, Үржил багийн Цагаан уул, Хонгор багийн Бургастын майнтын өвөлжөө, Цэцүүх багийн Их өлт цэгүүд нь 35-80 см гүнд давсжилттай.

Тосонцэнгэл сумын Оргих багийн Дээд харгана цэг 45-50см гүнд хөрсний давсжилт их байна.

  1. Хөрсний агрегат бүтэц

Хөрсний эгэл жижиг хэсгүүд шим бодис болон коллойдуудын нөлөөгөөр хоорондоо наалдаж барьцалдах жижиг бөөнцөрүүдийг үүсгэснийг хөрсний бүхэлшилт буюу хөрсний агрегат бүтэц гэнэ. Хөрсний агрегат бүтэц нь хөрсний үржил шимийн нэг чухал шинж юм. Агрегатын хэмжээгээр бүтцийг 0.25 мм-ээс бага хэсгийг микро ба түүнээс томыг  макро гэж нэрлэнэ. Агрономын үүднээс 0.25-10 мм хэмжээтэй үрлэн ба  бөөмөн мөн түүнчлэн усны үйлчлэлд  бат бэх, хангалттай  сүвшилттэй бүтэц сайнд тооцогдоно. Хөрсний агрегат бүтцийн хэмжээг тодорхойлохдоо хуурайгаар шигшдэг ба ус даах чадварыг шигшүүртэй хөрсөө усанд булхуулж тодорхойлно. Хөрсний бүтэц ба агрегат хоорондоо төсөөтэй ойлголт юм. Нэлээд хэдэн агрегатууд нэгдэж бүтцийг үүсгэнэ. Хөрсний агрегатыг мөн бүхэлшилт гэж нэрлэдэг. Хөрсний агергат бүтцийг хуурай шигшүүрийн аргаар хийв.

22 цэгийн 66 дээжинд хөрсний агрегат бүтцийг тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Хөрсний агрегат бүтцийг хуурай шигшсэн аргаар тодорхойлж бүтцийн үнэлгээг Н.И. Савиновийн аргаар үнэлсэн болно. Хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад 7.6 % хангалтгүй, 92.4% муу гэж үнэлэгдсэн байна.

  1. Хөрсний нягт

Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүснэ. Ялангуяа бэлчээрийн хөрс малын хөлийн гишгэгдэлээр бүтцээ алдан жижиг ширхэгүүдийн хоорондох зай багасч чигжигдэн хатуурах үзэгдлийг хөрсний нягтшил гэнэ. Хөрс нягтаршсанаар сэвсгэр сийрэг байдлаа алдан, эзэлхүүн жин нь ихэсч улмаар хөрсний ус нэвтрүүлэх чадвар, микробиологийн үйл ажилгааны идэвх суларч ургамлын үндэсний тархалт хумигдана. Хөрсний нягтшил үүснэ гэдэг бол түүний доройтолын илэрхийлэл юм. Байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дахь хөрсний жинг (нэг см3 хөрсний жинг) хөрсний нягт  гэнэ. Хөрсний нягтыг  г/см3, т/м3-ээр илэрхийлдэг. Хөрсний нягт нь түүний найрлагаас хамааран хэлбэлздэг бөгөөд ойролцоогоор ~1,0-1,8 гр/м3  байна.

Хөрсний нягтыг 22 цэгт 0-5 см, 5-10 см, 10-20 см гүнд зүсэлт хийж тодорхойлсон байна. 66 хөрсний дээжний шинжилгээний дүнгээс харахад органик бодисоор баялаг, ширэгжсэн, хөвсгөр хөрс 97%, таримал ургамалд маш тохиромжтой хөрс 3%  байна.                    

  1. Ялзмагийн агууламж:

Ялзмагийн агууламжийг Тюриний аргаар тодорхойлов.Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмаг байна, төдийн чинээ ус, агаар, дулаан, физик-механикийн шинж чанар сайн байна.Монгол орны хөрс ерөнхийдөө ялзмаг бага, хөрсний ялзмагийн хэмжээ, хөрсний хэв шинж, дэд хэв шинж, төрөл зүйл, дүрс зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Ялзмагийн агууламжийн хэмжээ хөрсний хэв шинж, дэд хэв шинж, тэдгээрийн дотор механик бүрэлдэхүүнээс хамаарч нэлээд хэлбэлзэлтэй байна.

Дараах графикаар ялзмагийн дундаж агууламжийг харуулав.

Судалгаанд хамрагдсан 4 сумын хувьд хөрсний ялзмагийн агууламж 0.202-4.283% байна. Шинжилгээний дүнгээс харахад өндөр агууламжтай нь Их уул сумын Хуягт багийн Гэрт зогсоол цэгийн 0-5см 4.283 %, хамгийн бага үзүүлэлт нь Тэлмэн сумын Баян айраг багийн Манз цэг 10-30 см 0.202% байна. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

 

ТАЙЛАН БИЧСЭН:

            БОШЛ-ИЙН АХЛАХ ТЕХНИКЧ                       Б.МЯГМАР

ХЯНАСАН:

            БОШЛ-ИЙН ЭРХЛЭГЧ, ЧМ                             З.БАЛЖИННЯМ